Pages

Tuesday, August 24, 2010

Ээж намайг дуу дуулж мөнгө ол гэдэг. уншаад үзээрэй


mongol
Олны хэлж заншсанаар "Мөнгөн завьяа"-гийн дэргэдэх автобусны буудал дээр гийнгоолон сортойтол дуулах хүүхдийг н.Тулга гэдэг. Тэрбээр одоо дөрвөн настай. Түүний хамар дээр хөлс бурзайж, ханцуйгаараа арчиж, үе үехэн хоолой нь зангирна....
Тулгаа ээж, дүү, хоёр эгчийнхээ хамт Баянхошууны эцэст амьдардаг гэсэн. Тэрбээр хүн ихтэй газар хайрцаг тавин сууж, дуу дуулдаг аж. Гадаадын хүн явбал урд нь гараа тосон зогсож, дуу дуулна. Ганц хоёр доллар өгөхөөр нь шүүрэн авч ээждээ яарангуй өгнө. Түүний ээж одоо 30 гаруй настай ч ажил хийдэггүй аж.

Хүү олны анхаарлыг татах гэж хамаг чангаараа орилж, дуулж байлаа. Жаахан амсхийхэд ээж нь загнаж, чанга "Дуул"гэж хашгична. Тэрбээр хүүгийнхээ хажууд дүүг нь тэврэн, хүмүүсийн өгсөн ундаа амттаны үлдэгдлийг торондоо хийн цуглуулна. Бүр авчирсан тороор нь дүүрч харагдлаа. Ээжийг нь түр явсан хойгуур хүүгээс зарим зүйлийг тодруулсан юм.

-Миний дүү хэзээнээс дуулж байна?
-Би өнгөрсөн жилээс дуулж байна. Ээж надад дуу дуулахыг зааж өгсөн.

-Ямар ямар дуу дуулах уу?
-Нэрийг нь мэдэхгүй ээ. Олон дуу холиод дуулна даа.

-Ингэж гадаа дуу дуулах ямар байна?
-Гайгүй ээ. Хүмүүс мөнгө, чихэр, ундаа өгнө. Би өлсөхөөрөө хүмүүсийн өгсөн юмыг иддэг. Өвөл болохоор л даардаг.

-Өвөл ч гэсэн гадаа дуулдаг юм уу?
-Дэлгүүрийн үүдэнд дуулна.

-Өдөрт хэдэн төгрөг олдог вэ?
-Мэдэхгүй ээ. Ээж л бүгдийг нь тоолоод авдаг. Хүмүүс дандаа 10, 50,100 төгрөг өгдөг. Заримдаа 500, 1000 төгрөг өгнө.

-Ээж нь ажил хийдэггүй юм уу?
-Үгүй. Хааяа согтуу хүмүүс ирээд, мөнгөнөөс аваад зугтаачихдаг. Тиймээс ээж миний хажууд хүмүүсийн өгсөн юмыг далд хийгээд байж байдаг.

-Дандаа энд дуулдаг юм уу, өөр газар очдог уу?
-Олон хүнтэй газар очиж дуулдаг. Зах, Их дэлгүүр, Вокзал гээд.

-Цэцэрлэгт явдаг уу?
-Үгүй ээ. Ээж намайг дуу дуулж, мөнгө ол гэдэг.

Ээж нь удалгүй ирж хүү хамаг чангаараа дуулж эхэллээ. Ээжээс нь хэдэн зүйл тодруулах гэсэн боловч хэлгүй хүний дүр эсгэсэн юм. Харин хүү рүүгээ хялалзаж байлаа. Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн III, IV, V, VII зүйлд хүүхдийн эрхийн талаар зааж өгсөн. Ялангуяа 7.6-д "Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага хүүхдийг албадан ажиллуулах, ёс суртахуун, эрүүл мэнд, амь насанд нь аюул учруулах хөдөлмөр эрхлүүлэх, хүүхдийн хөдөлмөрийг мөлжлөгийн хэлбэрээр ашиглах, тэдний хөдөлмөрийн хөлсийг шударга бусаар ооцож олгох, гуйлга гуйлгах үйл ажиллагаа явуулахыг хориглоно" гэж заасан.

Мөн дэлхийн хамгийн олон орон нэгдсэн Хүүхдийн эрхийн тухай конвенцид манай улс олон улсын хэм хэмжээг хүлээн зөвшөөрч, Дэлхийн хамтын нийгэмлэгийн өмнө үүрэг хүлээсэн. Гэтэл Тулга хүү шиг эцэг эхийн дарамтан дор хөдөлмөр эрхэлж, мөнгө олж байгаа хүүхэд байсаар байна.

No comments:

Post a Comment